Солонгос хэлийг төрөлх хэл мэт сурах 10 арга

Монголчуудын хувьд Солонгос хэл сурахад их давуу талтай гэж би боддог. Монгол хэл болон Солонгос хэл нь хоёулаа Алтай хэлний язгуурт харъяалагддаг болохоор өгүүлбэрийн бүтэц нь төстэй байдаг. Хэрэглэгддэг дүрмүүд нь бас төстэй байдаг болохоор Монгол хэлэнд байдаг дүрэм Солонгос хэлэнд ч мөн байх нь элбэг.

Зорилгоо тодорхойл

Солонгос хэл гэлтгүй өөр хэл сурахад ч, өөр ажил хийхэд ч зорилгоо зөв тодорхойлсон бол туулах зам нь тодорхой, хийх ёстой ажил нь тодорхой болдог шүү дээ. Тийм учраас “би яагаад Солонгос хэл сурах ёстой, Солонгос хэл сурсанаараа би юу хийх гэж байгаа” гэх мэт өөртөө яг хэрэгтэй, ойрхон, бас биелүүлж болох зорилго тавиад мартаад байвал түүнийгээ бичээд ханан дээрээ наачих. Бас илүү дэлгэрэнгүй байвал бүүр сайн.

Миний хувьд анх 1-р курст орохдоо л төгсөхдөө TOPIK-н оноотой төгсөнө гэсэн зорилготой, бас төгсөөд Солонгос руу магистр, докторт “тэтгэлэгээр” сурна гэсэн төлөвлөгөөтэй байсан болохоор яалт ч үгүй Солонгос хэл сайн сурахгүй бол болохгүй гэсэн бодолтой байсан учраас 1-р курсээсээ эхлээд өөрийгөө бэлдэж эхэлсэн юм. Хэлний оноогүй бол тэтгэлэг авч чадахгүй, хэл муу бол хичээлээ ойлгохгүй гэх мэт яг өөрт тулсан шаардлагатай асуудлуудаа өөрөө сайн мэдэж ойлгож байж зорилгоо зөв тодорхойлж чадах учраас сайн бодоод, бас бичээд үзээрэй. Бичиж цаасан дээр буулгах нь тухайн зорилгоо биелүүлэхэд илүү их түлхэц болж өгнө.

Дуртай байх

Дуртай байх юм бол Солонгос хэлний хичээл хийх цаг “хичээл биш аз жаргалтай ертөнц” болж хувирна. Ядаргаатай санагдах биш хүсэн хүлээдэг хичээл болно. Хийх ёстой, сурах ёстой хэрнээ дургүй байгаад байвал яавал дуртай болох талаар бодож, өөрийнхөө хийх дуртай хоббитойгоо хэлний хичээлээ холбож болно. Дараагийн аргуудад энэ талаар дэлгэрэнгүй дурдана. Миний хувьд Солонгост тэтгэлэгээр сурах хүсэл мөрөөдөл нь намайг Солонгос хэл өдөр бүр хичээлийн бусад цагаар хийж, өөрийн бүх амьдралаа Солонгос хэлтэй бүрэн холбох шалтгаан болсон юм.

Их сургуульд орсоноос хойш Монгол хэлээр дуу сонсоогүй, Монгол хэлээр кино, драма тв үзээгүй, мэдээ уншихдаа Монголоор уншихгүй гэх мэт хийж буй бүхий л зүйлсээ Солонгос хэл дээр болгосон. Мэдээж шинэ хэл сурах нь сонирхолтой, дуртай байсан болохоор энэ бүгдийг хийхэд ямар ч түүртсэн зүйл байдаггүй байсан. Эхэндээ ойлгохгүйгээсээ болж жоохон стресстэж, хэцүү байсан ч төд удалгүй тэр нь арилж харин улам их шимтэх болсон юм.

Солонгос сургуулиудын хэлний бэлтгэлийн төвөөс гаргасан номон дээр ажилла

Их сургуулийн эхний жилд Солонгос хэлний анхан шатны хичээл ордог байсан болохоор анхан шатны дүрэм үгээ сурсан ч түүнээс цаашаа чөлөөт цагаараа Солонгос хэл сурч байсан болохоор унших, бичих, дүрмээ ойлгох шаардлага яалт ч үгүй гарч энэ асуудлаа хэлний бэлтгэлийн төвөөс гаргасан номон дээр ажиллаж шийдсэн юм. Зуны амралтаараа хэлний бэлтгэлийн төвөөс гаргасан нэг ном олж аваад тэрнийгээ өдөр бүр нэг бүрчлэн бүх дасгалыг нь хийж, мэдэхгүй дүрэм үгээ ойр тойрны хүмүүсээс асууж мэдэж авсан.

Хамгийн сайн номнуудын нэг бол мэдээж Сөүлийн их сургууль(서울대학교), Ионсей их сургууль(연세대학교), Кореа их сургууль(고려대학교), Кёнхи их сургуулийн(경희대학교) хэлний бэлтгэлээс гаргасан ном гэж би боддог. Мэдээж өмнө нь хэлсэнчлэн “дуртай байх юм бол” үүнийг хийхэд ч түүртэхгүй. Энэ арга нэлээн хэцүү ч өөрт тохирохгүй гэж үзвэл дараагийн аргуудыг хэрэглээд үзээрэй.

Солонгос драмаг дэмий бүү үз

Сонсголоо сайжруулах хамгийн гоё сонирхолтой бөгөөд сайн арга бол драма үзэх гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Өөрийнхөө хэлний түвшнээс хамаараад ямар төрлийн драма үзэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр “ДРАМА ДЭМИЙ ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ”. Драма дээр гарсан мэдэхгүй үг бүрийг мэдье гэсэн бодолтойгоор үзвэл сонсгол ч сайжирч, үгийн баялаг ч сайжирна.

Үгийг нь дагаж хэлвэл дуудлага бас дагаж сайжирч, өгүүлбэрийг нь бүтнээр нь дагаж хэлвэл өгүүлбэр бүтээх чадвар ч мэдээж сайжирна. Үнэхээр ямар үг хэлээд байгааг нь мэдэхгүй бол англи хадмалтай, Солонгос хадмалтай үзээд тэрэн дундаас нь мэдэхгүй үгээ олоод бичиж аваад цээжилвэл их сайн.

Ингэж үзэхээр 1 цагийн драмаг бараг 2, 3 цаг үзэх болдог ч тэр хэмжээгээрээ таны үгийн сангийн баялаг арвижиж, дуудлага, сонсгол сайжрана гэдэгтэй санал нэг байна. Өөрийнхөө хэлний түвшнээс хамаараад ямар драма үзэхээ сонго гэж хэлсэн. Драманы мэдэхгүй бүх үгээ бичиж тэмдэглэх юмуу цээжлэх даалгавартай тул өөрийнхөө түвшинд тохирсон драма сонгох нь чухал шүү дээ. Анхан шатны хүмүүсийн хувьд мело драма буюу хайр дурлалын талаар гардаг драма үзвэл үг нь их амархан байдаг. Дунд шатны хүмүүсийн хувьд ямар нэгэн мэргэжлийн талаар харуулдаг драма үзвэл хэрэгтэй(цагдаа, гэмт хэрэг, эмнэлэг г.м). Ахисан шатны хүмүүсийн хувьд түүхэн драма үзвэл ханзны үг хэллэг их гардаг тул маш их хэрэгтэй.

Солонгос нэвтрүүлэг үзэх

Хувийн зүгээс драма үзэхээс илүү Солонгос инээдмийн нэвтрүүлэг(예능) үзэхийг зөвлөж байна. Драма бол хүний бичсэн зохиолын дагуу өрнөл нь явагддаг болохоор хэл сурахад нэг талаараа хязгаарлагдмал байдаг. Нэвтрүүлгийн хувьд яахав тодорхой хэмжээний эх зохиол байгаа ч гэсэн яг амьдрал дээр хэрэглэгддэг үг, яриа нь тэр чигээрээ гардаг болохоор нэвтрүүлэг үзээд ойлгодог болох нь маш чухал. Ямар нөхцөл байдалд ямар үг хэрэглэж, ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг харж ойлгох нь тухайн орны хэлээ зөв хэрэглэж сурахад маш их чухал зүйл юм. Тухайн орныхоо хэлээр сэтгэхэд туслана.

Драма үзэж хэл сурах бэлтгэлээ хангаад яг үндсэн шалгалт бол нэвтрүүлэг гэж бодоход болно. Солонгосын бүх нэвтрүүлэг нь сонсголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хадмалтай байдаг болохоор бүх нэвтрүүлгийг Солонгос хадмалтай үзэх боломжтой. Бас гоё нэг зүйл нь өөрийнхөө дуртай сонирхдог төрлийн нэвтрүүлгийг Солонгос хэлээр үзэх боломжтой.

Аялах дуртай бас драма үзэх дуртай бол дуртай жүжигчнийхээ аялсан талаар нэвтрүүлгийг үзэх, ном унших дуртай бас Солонгос дуу сонсох дуртай бол дуртай дуучныхаа номны талаар ярилцдаг нэвтрүүлгийг үзэх, шинжлэх ухаан сонирхдог бол шинжлэх ухааны талаар ярилцдаг нэвтрүүлэг үзэх, Солонгос к-поп-д дуртай, Солонгос кино, драмад дуртай бол жүжигчид, дуучдын оролцсон talk show үзэх гэх мэт.

Шинэ үг хайхдаа бүү бэлэнчил

Шинэ үг хайхдаа Солонгос — Монгол толь бичиг хэрэглэлгүй Солонгос — Англи толь бичиг юмуу Солонгос — Солонгос толь бичиг хэрэглэх нь маш их хэрэгтэй. Солонгос — Монгол толь бичиг хэрэглэх нь заримдаа үг буруу цээжлэх, үгийн утгыг буруу ойлгох, хэрэглэх нөхцөл байдлыг буруу ойлгох гэх мэт том эрсдэл дагуулдаг. Тийм учраас Солонгос — Англи юмуу Солонгос хэлний үгийг Солонгосоор тайлбарласан толь бичиг хэрэглэх нь хамгийн сайн үр дүнтэй арга юм. Солонгос хэлний хувьд хамгийн сайн толь бичиг бол naver-с гаргасан толь бичиг.

Солонгос хэл дээр ном унших

Хэлний түвшин ямар байгаагаас үл хамааран Солонгос хэл сайн суръя, Солонгост суралцъя гэж байгаа бол ямар ч хамаагүй төрлийн Солонгос хэлээр бичигдсэн ном унших хэрэгтэй.

Өөрийнхөө сонирхдог хоббиныхоо дагуу, эсвэл Монголоор байнга уншдаг төрлийн номыг Солонгосоор унших нь үгийн баялагаа сайжруулах хамгийн сайн аргын нэг юм. Ямар ч төрлийн ном уншихад эхэндээ миний мэдэхгүй ийм их үг байдаг юмуу гэж гайхаж алмайрах тохиолдол гардаг ч бууж өгөлгүй тэр номоо дуусгавал дараагийн номоо унших үед таны мэдэхгүй үгийн тоо бага багаар багасна.

Солонгос хэлээр мэдээ, нийтлэл унших

Өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг Солонгос үгнүүд нь мэдээ, нийтлэл, албан бичигт хэрэглэгддэг үгнээс нэлээн өөр байдаг гэдгийг та мэдэх л байх. Солонгос хэлийг сайн сурч үгийн баялагаа илүү гүнзгий шатных болгоё гэвэл мэдээ нийтлэлийг байнга Солонгос хэл дээр унших хэрэгтэй.

Солонгост байгаа бүх хүний хэрэглэдэг какаоталк апп-ны мэссэж бичдэг хэсгээ хажуу тийш нь гүйлгэвэл мэдээ, нийтлэл унших боломжтой тул хаанаас унших уу, мэдэхгүй байна гэсэн шалтаг байхгүй болно. Мэдээ уншихдаа ч гэсэн өөрийнхөө сонирхдог төрлийн мэдээг уншиж илүү өөрт амар аргаар хэлээ сайжруулах боломжтой. Жишээ нь сагс тоглох дуртай бол сагсны тамирчдын талаар бичсэн нийтлэл уншвал танд илүү сонирхолтой санагдаж бас өөрийн дуртай спортынхоо мэргэжлийн үг хэллэгийг мэдэх боломжтой болно.

Солонгос хэлнээс ном зохиол, нийтлэл орчуулах

Үгийг марталгүйгээр цээжилж бас жинхэнэ утгыг нь яг таг сайн ойлгох хамгийн сайн арга бол орчуулах юм. Өөрийн ойлгосон зүйл нь мөн ч юм шиг, биш ч юм шиг санагдаад байвал орчуулаад үз. Орчуулах үед орчуулгын утга агуулга нь эх хувьтайгаа яг таарч байвал та сайн ойлгосон байна гэсэн үг, харин утга нь нэг л таарахгүй байвал та буруу ойлгожээ.

Хэл сурч буй хүмүүсийн хамгийн том асуудал бол яах аргагүй үг цээжлэх Харин тухайн хэлнээсээ орчуулга хийх үед мэдэхгүй үгээ бүрэн ойлгож байж орчуулах хэрэг гардаг тул тухайн үг нь мартагдахгүй болтол автоматаар цээжлэгддэг гэж би боддог.

Эх хэл дээр авдаг мэдээллээ түр зогсоо

Солонгос хэлний оноо автлаа ч юмуу Солонгос хэлийг тийм хэмжээнд суртлаа Монгол хэл дээрх кино үзэхгүй, дуу сонсохгүй гэх мэт өөрийнхөө амьдралд бодит өөрчлөлт гаргах гээд үзээрэй. Монголын талаарх мэдээ хэрэгтэй л байлгүй яахав гэхдээ таныг Монгол хэл дээр юм үзэхгүй хэдэн сар юмуу 1 жил, 2 жил боллоо гээд Монголын урлагийн зах зээл зогсчихгүй, кинонууд нь үзэгчгүй болчихгүй, Монголын эдийн засаг буурчихгүй шүү дээ, таньтай таньгүй үргэлжилсээр л байна. Мөн хэлээ сурсны дараа Монгол хэлээрээ хангалттай сайн үзэх боломж ч дүүрэн байгаа.

Тийм учраас хэл сурах гээд өгөгдсөн цаг хугацаагаа тултал нь ашиглаарай. Фэйс дэх найзууд, Инстаграм дээр дагадаг хүмүүс ихэнх нь Монгол байсан бол Солонгос хүмүүс(Солонгос одууд ч юмуу), Солонгос пэйж болгож тэдний бичсэн нийтлэлийг уншиж, мэдэхгүй үгээ орчуулж, SNS үзэж байхдаа ч хэлээ сайжруул.

Эх сурвалж: Nyamdulam Badam

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.