Солонгос киноны хөгжилтэй давхцлууд (PART 1)

Ази тив тэр чигтээ солонгос савангийн дууриар амьсгалж, шоу ертөнцийн хамаг мөнгийг хүүлж байгаа гэхэд буруудах зүйлгүй. Харин кинонуудын зохиол, үйл явдал, өрнөл нь яагаад заавал бие биенээсээ хуулчихсан мэт ижилхэн байдаг юм болоо? Ингээд та бүхний ажлын шинэ өдрийг хөгжилтэйгээр эхлүүлэхээр солонгос цувралуудын хамгийн нийтлэг талуудыг хүргэж байна. 

1. Дурлалт хосуудын аав ээж нь залуудаа заавал асуудалтай байсан

Савангийн дуурийн хувьд мэдээж хайр дурлал гол сэдэв. Эцэг эхийнх нь хайр дурлал залуудаа бүтэлгүйтэж, тэдний хүүхдүүд нь ярилцаж тохирсон юм шиг заавал хоорондоо дурлаж таардаг. Шинэхэн хосууд мэдээж гэрлэж бараалхах гэтэл хоёр талын гэр бүл яагаад ч зөвшөөрөхгүй. Чухам үүнийг л зөвшөөрүүлэхийн төлөө бүхнийг хийж, савангийн дуурийн гол утга учир ийнхүү өрнөнө дөө.

2. Нууц хадгалсан настан

Ядуу айлын хөгшчүүл нь ихэвчлэн мэдрэл муутай байдаг. Тэр ядуу айл нь дээр үед их баян айл байж таарах бөгөөд хөгшчүүл нь залуудаа ямар нэгэн нууц агуулаад ухаан муутай болсон байдаг. Мэдрэл муутай хөгшин байхгүй бол ямар нэгэн байдлаар ой ухаан нь самуурсан эр эм хүмүүс, эсвэл залуудаа муухай зүйлс хийсэн мөртлөө насаараа амаа хамхиж байгаа настан гол дүр болно.

3. Жинхэнэ хүүхэд

Хамгийн гайхамшигтай нь бэр нь юмуу хүргэн нь болох гэж байгаа хүн өөрийнх нь жинхэнэ хүү байж таарах бөгөөд өөрийнх нь жинхэнэ хүүхэд нь гэж бодож байсан нь биш болж таардаг. Ер нь тэд өөрсдөө зохиолынхоо учрыг олдог болов уу?

4. Солонгос хүмүүсийн нэрийг тогтоох шаардлага байхгүй

Солонгост очвол хүмүүсийн нэрийг тогтоох шаардлага танд ерөөсөө байхгүй. Жишээлбэл нэг хүний нэрийг цээжилчихээд л бусдыг нь бол ингээд дуудна. Умболын аав, Умболын ээж, Умболын найз, Умболын ажлын хүн, Умболын хүүхэд, Умболын найзын найз, Умболын найзын найз охин гэх мэт маш амархан.

5. Мөнгө хүүлэгч нар

Мөнгө хүүлэгч нар нь дэндүү харгис хэрцгий, маш ихээр зодож дарамталдаг, мөнгөө авахгүйгээ улаан цайм мэдэж байгаа мөртлөө нэхэж, зодож бахаа хангадаг.

6. Гэр бүл бол хамгийн том хүч

Мэдээж Азиудын Европ, Америкчуудаас ялгарах нэг гол зүйл бол гэр амьтай араншин байдаг. Бидний хувьд гэр бүл бол хамгийн том хүч гэдэг нь маргахын аргагүй үнэн. Гэхдээ хувь хүний асуудалд нь дэндүү ихээр оролцож, байнга асууж шалгаадаг. Тэд нь ч нэг нэгэнгүй өөрийнхөө талаар бүгдийг ярьж өгч гэр бүлээсээ тусламж авдаг. Гэр бүлийнхээ дунд долоон булчирхайгаа тоочиж, ам султай нэгэн нь түүнийг задалж, дайсны дүрд боломж олгодог. Бүх кинон дээр баян айл нь хорон муу санаатай байдаг бол ядуу айл нь цайлган, зөв сэтгэлтэй хүмүүс байдаг нь хөрөнгөтэй хүн бүхэн хүн чанаргүй гэсэн утгыг үзэгчдэд хүргэхийг зорьсон мэт. 

7. Өс хонзон

Өс хонзон бол тэдний амьдралын салшгүй нэг хэсэг. Бүр байнга шүү. Сэтгэл дотроосоо үнэхээр үзэн ядаж, өшөөгөө авахын тулд хэзээ ч бууж өгөхгүй, сэтгэл дотор нь насан туршид үүрд хадгалагдаж, насны бөгсөн дээр өшөөгөө авч байж сэтгэл нь амардаг. Сүүлрүүгээ дайсны тал нь манай тал юм шиг, манай тал нь дайсны тал юм шиг болтлоо өшөөгөө авч чаддаг.

Source- Caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button