Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц

Солонгос бүсгүйчүүд өн эртнээс тунгалаг, толигор арьсаараа гайхагдсаар ирсэн билээ. Тэдний гэрэлтсэн, өөгүй цагаан царайны нууц нь өдөр тутмын арчилгаатай нь холбоотой бөгөөд энэ нь хөгшрөлтөөс хүртэл сэргийлдэг байх юм. Ингээд та бүхэндээ Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууцыг танилцуулж, багахан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ.

Сайн унтаж амрах

Сайн унтаж амарснаар арьс эрүүлжин, толигор болдог аж. Тиймдээ ч их унтдаг охид хөөрхөн, сайхан арьстай байдаг хэмээн ярьдаг. Хэрвээ та арьсаа амрааж, тухайн өдрийн бухимдал, стрессээ тайлахгүй бол үрчлээний эсрэг хичнээн их мөнгө гарздаж, гоо сайхны бараа аваад нэмэргүй юм. Тиймдээ ч эрт унтаж, сайн амрах нь нэгэн төрлийн арьс арчилгааны эмчилгээ болж өгдөг. Солонгос охид бүсгүйчүүд орой эрт амарч, стресс бухимдалгүй эерэг амьдрахыг хичээдэг байна.

Оройн арьс арчилгаа

Тэд орой бүр нүүрээ 6-8 алхмаар сайтар цэвэрлэж, арчилдаг аж. Магадгүй оройдоо сайн цэвэрлэж, арчилсандаа тэдний арьс тунгалаг сайхан байж мэдэх юм. Нүүрээ өөрийн арьсанд тохирох салфеткаар арчих эсвэл нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр арчина. Дараа нь нүүр угаагчаар сайтар угааснаар арьс бүрэн гүйцэт цэвэрлэгдсэн гэж үздэг. Мөн шаардлагатай гэж үзвэл гуужуулагч ашиглаж, үхэжсэн илүүдэл арьсаа цэвэрлэдэг. Нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь “рН баланс” алдагддаг тул тоникоор арчиж тэнцвэржүүлэх ёстой байдаг.

Арьс чангаруулах, хөгшрөлтөөс сэргийлэх, чийгшүүлэх зэрэг олон төрөлтэй серумыг сонгон хэрэглэнэ. Бага зэргийг арьсандаа түрхэж, хурууны өндгөөр зөөлөн товшиж шингээнэ. Нүүрэндээ чийгшүүлэх маск тавьж, амарч хэвтэх бөгөөд ингэснээр тэдний арьс амарч, улам залуужиж байдаг юм. Энэ бүхний дараа зовхины тос түрхэж анхаарлаа хандуулдаг аж. Нүдний доод тал болон зовхины арьс маш нимгэн тул зөөлөн товшиж түрхээрэй. Хамгийн сүүлд тосоо түрхэх бөгөөд арьсны тослогийн хэмжээнээс хамаарч нимгэн, зузаан түрхэхээ тааруулах аж.

Сормуус дэрвийлгэх

Солонгос охид бүсгүйчүүд ихэвчлэн дэрвэгэр урт сормуусаар гоёдог. Илүү дутуу будгаас зайлсхийж ихэвчлэн сормуусаа урт цэвэрхэн будсан байдаг билээ. Харин тэдний дэрвэгэр сормуусны нууц нь модон савх аж. Тэд модон савхыг галд бага зэрэг халааж, будагтай сормуусаа дэрвийлгэдэг байна. Хэрэв модон савх хэт халуун бол нүд гэмтээх аюултай байдаг тул бага зэрэг хөргөж, болгоомжтой байхыг сануулжээ.

Маск

Тэд өдөр бүр нүүрэндээ маск тавьж байдаг. Энэ нь тэд нарын хувьд шүдээ угаахтай адил бөгөөд өдөр бүр заавал хийх ёстой зүйлсийнх нь нэг болсон аж. Супер маркет, эмийн сан гээд л Солонгос улсын өнцөг булан бүрт худалдаалах бөгөөд энэ нь тэдний гоо сайхан байдлын нэгээхэн нууц юм.

Хамгийн чанартай бүтээгдэхүүн

Солонгос бүсгүйчүүдийн хувьд өөгүй цэвэрхэн арьс хамгийн чухал зүйл байдаг. Тиймдээ ч тэд арьс арчилгаа, сайхан төрхөөсөө огт мөнгө харамладаггүй бөгөөд хамгийн чанартай, үнэтэй зүйлсийг сонгож хэрэглэдэг аж. Тэдний царай төрхийг сайхан болгох шидтэй зүйлсийг бүх зүйлсээ гаргуунд гаргаад ч хамаагүй авах хүсэлтэй байдаг юм. Гоо сайхныхаа төлөө тэмцэх бүсгүйчүүд сайхан төрхтэй байхгүй гээд ч яах билээ.

Гоо сайхны мэс засал

Тэдний гоо сайхан байдлын хамгийн том нууц бол яалтчгүй гоо сайхны хагалгаа аж. Хичнээн арчлаад ч сайхан болохгүй зүйлсийг тэд зүгээр л мэс засалд орон, янзлуулдаг байна. Солонгос улсад энэ нь хэвийн үзэгдэл болсон тул ямар ч асуудалгүй юм.

Контур

Нүдээ цэвэрхэн болоод том харагдуулахын тулд Солонгос охид цоо шинэ трэндийг гоо сайхны ертөнцөд оруулж ирсэн. Энэ нь контурыг нүднийхээ дээгүүр зурж, доод хэсэгтээ холбож өгөх аж. Ингэснээр нүд бөөрөнхий болоод хамаагүй том харагдуулдаг. Энэ нь тэдний нэрийн хуудас болсон будалт билээ.

Найрлага чухал

Гоо сайхны бүтээгдэхүүнийг зүгээр ч нэг харж байгаад сонгодоггүй аж. Тэд арьс арчилгааны бүтээгдэхүүн нэг бүрийг тухлан уншиж, судалж, арьсанд ямар ач тустай болохыг нь лавладаг байх юм. Нэг ёсондоо тэд таарсан бүхнээ нүүрэндээ түрхэж явдаггүй бөгөөд хамгийн сайн чанарын, өөртөө төгс тохирох зүйлсийг олон өдөр хоног хайгаад ч хамаагүй олж хэрэглэдэг байна.

Хоолны дэглэм

Тэд үргэлж ногоо болон шим тэжээл сайтай хоол хүнсийг хэрэглэдэг бөгөөд нэг ёсондоо идэж байгаа зүйлсээрээ гоо сайхан төрхийг өөртөө цогцлоодог байна. Арьс нь бидний бие эрхтэний толь хэмээгддэг тул эрүүл хүн хамгийн тунгалаг сайхан арьстай байдаг билээ. Тиймдээ ч тэд эрүүл мэнддээ ч мөн онцгой ач холбогдол өгдөг аж.

Трэнд

Солонгос охид бүсгүйчүүд бусдын сайн гэсэн, трэнд болсон зүйлсийг туршиж үзэх дуртай. Хэрэв хэн нэгэн сайн гэвэл түүн рүү хошуурч, хичнээн үнэтэй байхыг үл харгалзан, хэрэглэж үзэхийг хүсдэг юм. Өөрөөр хэлбэл тэд сайхан арьстай болохын тулд золиос гаргах зоригтой гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button