С.Алтанцэцэг: Би Ялгуунаас шал өөр хүн гэдгээ батлах гэж нэг хэсэг “Алга болж”, нам жим амьдрахыг хүссэн

Адтай жаалууд” ОАУСК-нд Ялгууны дүрийг бүтээсэн С.Алтанцэцэгтэй ярилцлаа. Нэг ч кино, рекламын зураг авалтад оролгүй өнөөдрийг хүрлээ. “Адтай жаалууд” ОАУСК-нд тоглосноос нь хойш багагүй хугацаа өнгөрч. Одоо хэдий нь их сургуулиа төгсчихсөн үү?

Нээрэн бараг найман жил өнгөрчихсөн юм уу даа. “Адтай жаалууд” маань хүүхдэд зориулсан 195 ангит кино шүү дээ. Би өөрөө ч 4,5-р ангийн жаахан хүүхэд байж. Тэр цагаас хойш их юм өөрчлөгдсөн. Одоо СУИС-ийн Хөгжим, театр, жүжигчний ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Энэ жил төгсөнө. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гэхчлэн олон талд хөрвөж чадах уран бүтээлчийг бэлтгэдгээрээ манай анги онцлог. Дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг.

Дөрвөн жилийн мөчлөгт нь азтай таарч, элсжээ?

Тийм шүү. “Guys” хамтлагийнхан, топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр нар манай ангийн эхний төгсөгчид юм. Харин бид гурав дахь төгсөлтийнхөн. Би анх СУИС-ийн Драмын ангид ч мөн шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд илүү олон талд хөгжих боломжтой юм байна гэж хараад Хөгжим, театр, жүжигчний ангийг сонгож орсон.

“Адтай жаалууд”-аас хойш дэлгэцийн уран бүтээлд тоглов уу?

Би оюутан болсноосоо хойш ямар ч кино, рекламын зураг авалтад ороогүй. Гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг чөлөөт уран бүтээл хийхийг нь багш нар зөвшөөрдөг ч, би төдийлөн хүсээгүй. Нэг мөсөн сургуулиа төгсөж, хангалттай хэмжээнд боловсорсныхоо дараа өөрийгөө сорьё гэж бодсон. Хэд хэдэн киноны санал ирсэн ч багш нартайгаа зөвлөөд татгалзсан юм. Тэгээд ч хичээлийн ачаалал их.

Хөрвөх чадвартай уран бүтээлч болон бэлтгэгдэж байгаа юм байна. Төгсөөд яг аль салбарт хүч үзье гэж төлөвлөв?

Ер нь багаасаа телевизийн салбараар дамжин олон нийтэд танигдсан тул энэ салбарт ажиллах, хүч сорих бодол бий. Жүжигчин хүн яагаад хөтлөгч хийж болохгүй гэж. Мөн “The Voice” ч гэдэг юм уу, уралдаан тэмцээнүүдэд өөрийгөө чөлөөтэй сорьж үзмээр санагддаг. Дөрвөн жил яг юу сурч, мэдсэнээ ингэж ямар нэгэн байдлаар батлан харуулах хэрэгтэй юм шиг. Ер нь төгсөх дөхөөд ирэхээр “Би ер нь ямар хэмжээнд хүрсэн юм бэ, үүнийгээ юунд сорьж, шалгавал болох вэ” гэх мэт бодол орж ирдэг юм байна.

Гэр бүлд нь урлагийн хүн бий бил үү?

Өвөөгийн маань талд жүжигчин хүн бий. Мэргэжлээ болгож чадаагүй ч урлагийн хүсэл, мэдрэмжтэй хүмүүс миний гэр бүлийн хүрээлэлд цөөнгүй.

Би урлагт дурласан, Ээж ч дурлуулсан

“Адтай жаалууд”-д тоглож байсан, жүжигчин болох сонирхолтой охин жанжин шугамаа орхилгүй явсаар СУИС-ийг төгсөх даваан дээр ирж. Энэ хооронд өөр мэргэжилтэй болохыг хүссэн удаа байгаа юу?

Би аливаа юманд тууштай, тэвчээртэй байхыг эрхэмлэдэг. Олон зүйл рүү зэрэг самгардвал өөрт байгаа том боломжийг сүйтгэх эрсдэлтэй гэж боддог. Багаасаа л жүжигчин болох хүсэлтэй байсан, СУИС-д шалгалт өгсөн, тэнцсэн. Одоо эзэмшсэн мэргэжлээрээ хоолоо олж идэх шаардлага ойртож, шинэ сорилтуудтай тулах гэж байна.

Энэ бат хүсэл нь юунаас эхтэй юм бол. Магад гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн болов уу?

Хамгийн түрүүнд, миний дотоод сэтгэл үүн рүү чиглэж байсан. Мөн миний ээжээс шууд хамааралтай. Ээж маань надад аливаа зүйлд шантралгүй, тууштай хандаж, асар их тэвчээр гаргаж гэмээ нь амжилтад хүрдэг гэдгийг ойлгуулсан. Үүний дараа мэдээж багш нарыгаа дурьдах хэрэгтэй. Энэ хүмүүсийн удирдлага дор өдөр бүр хөгжиж, боловсорч байгаа шүү дээ. Харин урлагийн хүн болохыг хүсэх үүд хаалгыг маань ээж л нээж өгсөн юм шиг санагддаг.

Ээж нь ямар мэргэжилтэй хүн юм бол?

Ээж залуудаа аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж байсан. 1970-аад онд амьдрал ямар байлаа, амьдралын эрхээр театраасаа гарсан. Одоо үсчин хийдэг. Ээж эхэндээ намайг дуулах, бүжиглэх сонирхлыг маань нээх гэж уралдаан, тэмцээн, дугуйлангуудад явуулдаг байсан юм билээ. Урлагт дуртай байгаа эсэхийг маань шалгах гэсэндээ тэр. Би дурласан, ээж ч дурлуулсан.

Айлын хэд дэх охин бэ?

Би айлын том. Хорин жилийн дараа дүүтэй болсон доо /инээв. Сурв/. Манай гэр бүл гурвуул. Ээж маань өрх толгойлдог гэсэн үг.

20 настайдаа дүүтэй болсон гэхээр айлын ганц охины хувиар өсөж, төлөвшсөн юм байна?

Тийм ээ. Гэхдээ би эрх дураараа өсөөгүй. Ээж минь намайг эх хүний халуун сэтгэлээр аль чадахаараа бэлэн, зэлэн байлгадаг байсан ч би тэр хэрээр дэврүүн, эрх танхил төлөвшөөгүй.

Миний үеийн охид “37-р точка”-д тоглоод л явж байна, би тэгж болох байсан.

Өөрийг тань “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр ихэнх хүн таньдаг. Эрх танхил, дураараа охины дүр шүү дээ?

Бас бүх зүйлийг өөрийн хүслээр болгох гэж зүтгэдэг.

Тийм. Харин уулзаж ярилцахад тэс ондоо хувь хүн гэдэг нь харагдаж байна. Ялгуун Алтанцэцэг хоёр юугаараа өөр вэ?

Мэдээж дүр гэдэг бол дүр л байдаг. Хувь хүнээс төс өөр дүрийг жүжигчинд оноодог, жүжигчин тэр дүрийг хамгийн сайнаараа гаргах үүрэг хүлээдэг.

Ялгуун Алтанцэцэг хоёр тэс өөр хүмүүс. Би энгийн л амьдралтай, энгийн нэг охин. Харин Ялгуун баян айлын, ахуй амьдрал нь элбэг хангалуун нэгэн. Хүүхдэд багаас нь “Эд хөрөнгө байхад л болоо” гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг суулгачихвал ямар муухай хүмүүжилгүй, “Би”-гээр өвчилсөн хүн болж төлөвшдөг вэ гэдгийг энэ дүр харуулах зорилготой. Би бол ээжтэйгээ бор цайгаа хувааж уугаад л өссөн охин.

Үүгээр нэг зүйлийг хэлмээр байна. “Адтай жаалууд”-ыг үздэг байсан хүүхдүүд одоо том болчихсон байгаа. Тухайн үед дурлаж, үзэж өсчхөөд одоо тэр киног маш их муучилж, шүүмжилдэг. Энэ хандлага надад огт таалагддаггүй. “Адтай жаалууд” тухайн үедээ хүүхдүүдийг байлдан дагуулж л байсан. Одоо “Шал хогийн кино, хүүхдүүд нь хүртэл дүрдээ орчихсон, ийм дүрд тоглохоосоо ичдэггүй юм байх даа” гэхчлэн сэтгэгдэл бичицгээдэг.

Үеийнхэнтэйгээ харьцуулахад би тэр үед юм хийж явсан юм. Бид жаахан хүүхэд байхдаа киноны зураг авалтанд шөнө, өдөргүй ваад л, найруулагчид загнуулж, нэвтрүүлгийн асуулт боловсруулан суудаг байсан.

Мэдээж шүүмжлэх нь зөв. Гэхдээ олон нийтийн энэ хандлага сүүлдээ ичиж айх “Би ер нь яагаад ийм дүрд тоглочихсон юм бэ” гэж бодоход хүргэдэг юм билээ.

Тэр дундаа Ялгуун хамгийн муу нэртэй дүр нь?

Тийм ч байх. Би Ялгуунаас шал өөр хүн шүү гэдгээ батлах гэж нэг хэсэг “алга болж”, нам жим амьдрахыг хүссэн. Надаас “Энэ хугацаанд дахиж кинонд тоглов уу” гэж асуулаа. Би үнэхээр хүсээгүй. Ямар ч дүрийн сонгон шалгаруулалтад очоогүй. Миний үеийн, дөрөвдүгээр курсийн охид “37-р точка”-д тоглоод явж л байна. Би тэгж болох л байсан.

Гэхдээ илүү суръя, суралцъя, тэгээд өөр өнцгөөр гарч ирье гэж бодоод нэг талаар өөрийгөө дарсан. Үнэхээр сурах, ойлгох зүйл асар их байна. Одоо л миний эхлэх цаг ирэх гэж байна. Ялгуун өнгөрсөндөө үлдэг, тэр зүйлд одоо би сэтгэл чилээхгүй.

Нэг мөсөн, даацтай уран бүтээлээр гарч ирье гэж бодож ээ?

Тийм ээ. Хэрэв аз тохиовол түүхэн, монгол өв уламжлалыг харуулсан кинонд тоглохыг хүсдэг юм. Энэ нөгөө яриад буй өөр өнцөг, би өөрчлөгдсөн байна гэсэн үг. “Өө, нөгөө Ялгуун л байна шүү дээ” гэж хүмүүс харвал дөрвөн жил харанхуйд нуугдаж хичээлээ хийсэн хөдөлмөр байхгүй болно.

СУИС-д орсны дараа “ханд нь хав дарагдана” гэдэг шиг л зүйл болсон.

Ялгууны дүрд тоглох үед нас нь ч бага байж. Түүнээс хойш өсвөр насны, сэтгэл зүйн эмзэг үеүдийг бусдын л адил туулсан байх. Ялгуунаас болж хэр дарамт мэдэрдэг байв?

Би яагаад ч юм бэ маш уяхан. Амархан гомддог, амархан итгэж үнэмшдэг хувь хүн. Одоо гэхээс илүү хүүхэд насанд ирдэг сөрөг хандлага илүү их байсан. “Ийм дүр хүүхдүүдэд үзүүлээд байх даа яадаг юм” гэхчлэн. “Яаж тэвчсэн юм бол” гэж би одоо гайхдаг. Одоо хүмүүс олон нийтийн сүлжээгээр Ялгууныг, “Адтай жаалууд”-ыг муучлахад ингэж эмзэглэж байгаа хүн, тэр үеийг ёстой хүүхэд насны дэврүүн хүсэл тэмүүллээр л давж, гарч дээ гэж боддог.

Ялгууныг эргээд үзэн яддаг ч болов уу гэж эрхгүй бодогдмоор.

Харин тийм, олон нийт яах ч аргагүй тийм хэмжээнд хүргэсэн. Гэхдээ одоо би ингэж бодож байна. Үнэхээр би жүжигчин гэдэг их мэргэжлийг сонгосон юм бол, юун утгагүй зүйлд шаналж байгаа нь энэ вэ. Цаашид энэ байтугай том цохилт ирнэ, ийм зүйлд шантраад байвал юу болох вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button