Канад улсыг зорьсон Уудам хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Одоогоос 10 жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011″ шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Өнчин өрөөсөн, нүдэндээ гунигтай ч олны өмнө нулимсаа харуулалгүй дуулж чадсан энэ бяцхан хүү Монголчуудыг ч мөн байлдан дагуулж чадсан юм. Ухаалаг харцтай энэ хүү өдгөө 21 нас хүрч, сайхан эр болжээ. 

Сономын Уудам нь 1999 оны есдүгээр сарын 9-нд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Шинэбулаг суманд малчин айлын хүү болон мэндэлжээ. Уудамын ээж нь нутагтаа уртын дуу сайхан дуулдгаараа танигдсан нэгэн байсан тул тэрээр багаасаа эхлэн ээжийнхээ дуулахыг сонсож, даган дуулдаг байв.

Хичээлийнхээ хажуугаар дуулах авъяасаа хөгжүүлж эхэлсэн Уудам Хөх хотод болсон хүүхдийн дууны тэмцээнд нутгаа төлөөлөн оролцож, гуравдугаар байр эзэлж байв. 2007 онд Хөлөнбуйрын хөгжмийн сургуулийнхан орчон, эвэнк, дагуур болон монгол үндэстний буриад, барга ястан хүүхдүүд элсүүлэхэд Уудам хүү монгол ардын уртын дуугаараа “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн найрал дууны хамтлагийн удирдаач Бүрэнбаяр, Урнаа нарын анхаарлыг ихээхэн татжээ. Энэ үеэс эхлэн хүү “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн найрал дууны хамтлагийн гишүүн болсон байна.

Ийнхүү Уудам гэрээсээ анх удаа холдож, хамтлагийнхнаа даган Хайлаарт сурахаар явжээ. Бяцхан хүүдээ санаа нь зовнисон ээж нь Шинэ Барга зүүн хошуунаас 10 гаруй цаг явж, Хайлаар хотод хүүгээ эргэж очдог байв. Гэвч нэгэн удаа хүүгээ эргэчихээд буцах замдаа автын осолд орж, бүх бие нь мэдээгүй болсон байна. 8-хан настай Уудамд энэ явдал дэндүү хүнд туссан бөгөөд жил орчмын дараа ээжийнх нь бие муудсаар өөд болжээ.

Эмгэнэлт явдал ингээд дууссангүй, 2 жилийн дараа аав нь ажил дээрээ трактортой осолд орон мөн нас барсан байна. Хүү удалгүй хамтлагтаа эргэн орсон ч урьдын сайхан инээмсэглэл, цоглог зан нь алга болж, өдөржин гиюүрч суудаг болов. Энэ үед түүнийг өрөвдөн хараад сууж чадаагүй Бүрэнбаяр, түүний гэргий Урнаа нар үрчлэн авахаар шийджээ. Хүү айлд өргүүлэхээсээ өмнө өдгөө 23 настай том эгч Сургагийнхаа асрамжинд байсан аж.

Ийнхүү хар багаасаа өнчрөл хагацал амссан хүү ээжийнхээ сонсох дуртай МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” дууг бүх Хятадын тайзнаа дуулснаар дэлхий нийтэд таниулсан нэгэн юм. “Авьяаслаг хятадууд-2011″ наадмаас тэрбээр “Хаан хүүгийн мишээл” шагналыг хүртсэн.

Өргөж авсан аав Бүрэнбаяр нь хүүгээ Францын нэрт зохиолч Экзюперийн бяцхан ханхүү хэмээх баатартай зүйрлэдэг байжээ. Шинэ эцэг эх дээрээ байх хугацаандаа Уудам хайр халамжаар дутсангүй. Бүрэнбаяр түүний ааваас гадна багшийн үүргийг гүйцэтгэж, олон монгол дуу зааж өгчээ.

Хүүгийн шинэ эцэг эх нь түүнийг мөнгө олох хэрэгсэл болгохыг хүсээгүй тул сурлага, цаашдын ирээдүйд нь анхаарахаар шийдэж, Канад руу явуулсан байна.  

Өргөж авсан ээж, аав нь Уудам хүүтэй үргэлж холбогддог байна. Тэрээр хүүгээ өндөр том залуу болсон, англиар чөлөөтэй ярьж бичдэг болж, хичээлээ гүйцсэн мундаг хүү хэмээн цахим орчинд магтан бичжээ.

2018 онд Уудам ахлах сургуулиа төгсөхөд Бүрэнбаяр, Урнаа нар Канадад очиж, төгсөлтийн баярт нь оролцжээ. Харамсалтай нь энэ удаа Уудам төрснөөс өөрцгүй аавтайгаа сүүлийн удаа уулзсан хэрэг байлаа. Хятадад эргэж ирээд удалгүй ӨМӨЗО-ны ардын жүжигчин Бүрэнбаяр өвчний улмаас таалал төгссөн байна.

Өдгөө 21 настай Уудам Ванкуверийн их сургуульд суралцахаас гадна дуучны замналаа орхиогүй бөгөөд сүүлд Канадын уугуул иргэдийн төлөөлөл болсон уран бүтээлч, лимбэний мастер Эдгар Муеналатай хамтран уран бүтээл гаргаж байв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button