“Squid Game” цуврал яагаад ийм алдартай байгаа вэ?

Нэг л өглөө сэрсэн чинь гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй нэрийн хуудас, дээрээ янз бүрийн зурагтай бөөрөнхий чихэр болон зүү, ногоон бэлтгэлийн хувцастай зөндөө олон хүн, “Консуни”-гийн арай царай муутай хувилбар ч юм шиг хүүхэлдэйн зургаар сошиал платформууд дүүрчихсэн байлаа. Учир нь саяхан буюу есдүгээр сарын 17-нд Netflix дээр “Squid Game” гэх цуврал цацагдсан байжээ. Ийнхүү бид энэхүү нийтлэлдээ “Squid Game” цуврал нь маш богино хугацаанд яаж ийм алдартай болсон тухай тайлбарлахыг хүслээ. Хүн бүрийн шагшин магтаж буй энэ бүтээл юугаараа тийм онцлогтой байна вэ?

НЭРНИЙ УТГА УЧИР

“Squid Game” гэдгийг монголчилбол “Наймаалжин тоглоом” гэж орчуулж болох юм. “Squid” гэдэг нь бидний мэдэх наймаалжтай ижил төрөл, зүйлийн далайн амьтан бөгөөд монгол хэлэнд түүнд тохирох нэршил байдаггүй аж. Үгийн учрын тухайд ийм бол тоглоомын утгын талаар танилцуулъя.

Энэхүү тоглоом нь Өмнөд Солонгост 1970-1980 оны үед багачуудын дунд ихээхэн алдартай байсан ба газарт наймаалжийн дүрс зурж хоёр багт хуваагдан, нэгнийхээ талбайг түрүүлж эзлэх дүрмээр тоглодог байжээ. Бидний мэдэх “Баавгайн чих” тоглоомтой ойролцоо гэсэн үг юм. Сонирхуулахад уг цувралын товыг 2019 онд зарласан төдийгүй анхны нэр нь “Round Six” байсан.

ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ

Өдгөө 50 настай найруулагч Hwang Dong Hyuk нь “Silenced” (2011), “Miss Granny” (2013), “The Fortress” (2017) кинонуудаараа алдартай нэгэн юм. Тэрээр өөрийнхөө анхны олон ангит бүтээлийн тухай “Томчуудын амьдралын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийг хүүхдүүдийн тоглоомтой холбож, хамгийн гэгээлэг дурсамжууд хэрхэн аймшигтай болон өөрчлөгдөж буйг кино болгон хийхийг хүссэн” гэж хэлжээ. Түүнчлэн “Squid Game” цувралыг арав гаруй жилийн турш төлөвлөж, бэлдсэн ба эцэст нь есөн ангит кино болон үзэгчдийн хүртээл болж байна.

ЖҮЖИГЧИД

Энэхүү цувралын гол дүрд “Элсэн цаг” (1995) киногоороо олны танил жүжигчин Lee Jung Jae, “Prison Playbook” (2017) цувралын Park Hae Soo, ахмад жүжигчин Oh Young Soo нар тоглосон юм. Гэхдээ тэднээс илүүтэй зарим шинэ, залуу уран бүтээлчийг онцлох хэрэгтэй.

Jung Ho Yeon

Загвар өмсөгчийн карьераас кино урлагийн ертөнцөд хөл тавьж буй тэрээр 27 настай бөгөөд жүжигчний гараагаа ийнхүү эхэлж байгаа юм. Тэрээр уг киноны шалгаруулалтад оролцохоор загварын шоугаа орхиж ирсэн төдийгүй энэхүү цуврал цацагдсаны дараа түүний Instagram хаягийн дагагчдын тоо гурав дахин өсөж 5.6 сая болжээ. Сонирхуулахад Blackpink хамтлагийн Jennie “Squid Game” цувралын зураг авалтын талбай руу кофены машин явуулж, зочлон ирсэн бөгөөд тэд дотно найзууд аж.

Wi Ha Joon

Үзэгчдийн анхаарлыг татаж, өөртөө дурлуулж чадсан цагдаагийн ажилтны дүрийг бүтээсэн жүжигчин бол Wi Ha Joon юм. Тэрээр 2012 оноос богино хэмжээний кинонд дүр бүтээн, 2015 онд анхны дэлгэцийн бүтээлдээ тоглосон. Түүнийг алдартай болгосон кино бол “Gonjiam: Haunted Asylum” (2018).

Lee Yoo Mi

Хэдийгээр дүр нь цувралын ганцхан ангид гардаг ч тэрээр үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм. Жүжигчний карьераа 2010 оноос эхлүүлсэн түүнийг уг цувралын дүр нь илүү алдартай болгосон ба дүрийн өвөрмөц байдал нь танд таалагдах болно.

Мөн жүжигчин Lee Byung Hun болон Gong Yoo нарыг дурдах хэрэгтэй. Тэд найруулагч Hwang Dong Hyuk-тай өмнө нь цөөнгүй бүтээл дээр хамтран ажиллаж байсан билээ.

ТОГЛООМ

Тоглогчид нийт зургаан тоглоомыг давж гарах хэрэгтэй болдог. Найруулагчийн хэлснээр “Би хүн бүрт ойлгомжтой, хамгийн энгийн дүрэмтэй тоглоомуудыг сонгон авсан. Тиймээс үзэгчид тоглоомоос илүү дүрүүддээ төвлөрөх боломжтой” гэжээ.

1. Улаан гэрэл, ногоон гэрэл

Тоглоомын дүрэм: Хөдөлгөөн мэдрэгч хүүхэлдэй буруу харж зогсоод “Улаан гэрэл, ногоон гэрэл” гэж хэлэх үед тоглогчид аль болох өөрт нь ойртох хэрэгтэй. Үгээ хэлж дуусаад эргэн харсных нь дараа тоглогчид илүү хөдөлгөөн хийвэл хасагдана. Сонирхолтой баримт гэвэл энэ хэсэг дээр гардаг хүүхэлдэй нь Өмнөд Солонгосын Жинчон хотод байдаг бөгөөд кино баг зураг авалтдаа зориулан түрээсэлжээ.

2. Зөгийн балтай өрмөнцөр

Тоглоомын дүрэм: Гудамжинд зардаг байсан амттанаас санаа авсан энэхүү тоглоомын үеэр тоглогчид дөрвөн янзын дардастай өрмөнцрөөс тэрхүү дүрсийг нь зүү ашиглан салгаж авах ёстой. Хугацаандаа амжаагүй болон хэлбэрийг нь алдагдуулсан тохиолдолд хасагдана.

3. Олс таталт

Тоглоомын дүрэм: Энгийн олс татах тоглоомын дүрэмтэй ижил боловч ялагдсан багт хамгийн харгис шийтгэл оногдоно.

4. Шүр

Тоглоомын дүрэм: Тоглогч бүрт 10 шүрэн чулуу өгөх бөгөөд эсрэг багийн тоглогчоосоо бүх чулууг нь авсан бол ялна. Харин огт шүргүй үлдсэн тоглогч хасагдана.

5. Шилэн гүүр

Тоглоомын дүрэм: Тоглогчид өөрсдийн сонгосон тооны дарааллын дагуу шилэн гүүрийг гатлах ба хоёр гишгүүрийн нэг нь хуурамч шил байдаг. Мэдээж гишгүүрээ буруу сонговол хасагдана.

6. Наймаалжин тоглоом

Тоглоомын дүрэм: Дайрах болон хамгаалах гэсэн үүргээр хоёр тоглогч өрсөлдөж нэгнийхээ талыг эзлэх байдлаар тоглодог.

Сонирхолтой баримтаас дурдахад дээрх зургаан тоглоомоос гадна нэмэлт гурван тоглоом цувралд гарах болно. Уншигч та дахин анзаараад үзээрэй.

Хоёрдугаар улирал

Албан ёсны мэдээлэл гараагүй ч найруулагчийн хэлсэн үг дараагийн бүлэг хийгдэх магадлалыг ихэсгэж байгаа юм. Тэр хэлэхдээ,

“Squid Game шиг цувралын зохиол бичих нь надад маш бэрх байсан. Эхний хоёр ангийн зохиолыг би зургаан сарын турш бичсэн л дээ. Заримдаа найзуудтайгаа уулзаад санаа бодлоо солилцдог байлаа. Харин хоёрдугаар бүлгийн тухайд бодсон төлөвлөгөө байхгүй ч хэрэв хийхээр болбол зохиол дээр ганцаараа ажиллахгүй. Илүү олон зохиолч, найруулагчтай хамтарна гэж бодож байна” гэсэн юм.

Азид төдийгүй дэлхийн хэмжээнд Netflix-ийн шилдэг цувралын жагсаалтыг тэргүүлж чадсан уг бүтээлийн хоёрдугаар бүлэг хийгдэх болов уу?

Эх сурвалж: Koreaboo, Soompi, Wikipedia, YouTube, Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button