Ян Сүбиний 40кг хассан нууц

Өмнөд Солонгосын алдартай YouTuber, “мукбанг” бичлэгээрээ олны танил болсон Ян Сүбин (Yang Soobin) 130 кг жинтэй байсан бөгөөд 500 өдрийн дотор 40 кг хасаж чадсан байна. Тэрээр өөрийн жин хассан нууцаасаа хуваалцжээ.

Ян Сүбин 2017 оноос эхлэн мукбанг бичлэгээрээ олны анхаарлыг татаж эхэлсэн боловч хэт их идэж байгаа нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байв. Тэрээр 2019 оны тавдугаар сард өөрийгөө 131 кг жинтэй гэдгээ мэдэгдэж, биеийнх нь өөхлөлт 53.5 хувьтай байгааг нуулгүй хэлсэн юм.

Ийнхүү Ян Сүбин жингээ хасах тал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд арван сарын турш эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд 93.8 кг жинтэй болсон байна. Тэрээр өөрийн Инстаграм хаягаараа дамжуулан жингээ хасахыг хүссэн хүн бүрд дараах зөвлөгөөг өгчээ.

“Үүнийг уншиж буй хүн бүрийг эрүүл амьдралын хэв маягтай болоосой хэмээн өнгөрсөн нэг жилийн турш жингээ хасахаар хичээж байхдаа мэдэрсэн зүйлээ бичмээр санагдлаа.

Би бага байхаасаа л таргалалтаас болоод маш их шаналдаг байв. Жингээ хасахын тулд янз бүрийн хоолны дэглэм, тураах бэлдмэл туршиж үзсэн. Чадах бүхнээ хийсэн гэж ойлгож болно. Хорин насны босгыг давахдаа ч туршсаар л байсан. Ходоод боох ажилбарын талаар бодож үзсэн боловч хоол идэх хүсэл маань ялан дийлсэн. Иймээс хийлгээгүй. Зүгээр л бууж өгсөн.

1.Ингээд бодохоор би жингээ хасъя гэж бодох бүрдээ тураах дэглэм барина. Зүгээр л хурдан хугацаанд жингээ хасахыг хүсдэг байсан. Зөвхөн жингээ хасах тухай л боддог байв. Тийм болохоор хоолны дэглэм бариад ядаргаанд орчихно. Ингээд л бууж өгнө. Насан туршдаа хүссэн хоолоо идэж амьдарсан байж хоёрхон сарын дотор жингээ хасахыг хүссэн өөрийгөө одоо бол нэг сайн алгадаад авмаар санагдаж байна.

2.Харин одоо та нар надаас миний барьсан хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний талаар асуухыг хүсэж байгаа байх. Хорин зургаан настай ч 131 кг жинтэй надад хэн нэгний тусламж хэрэгтэйг ойлгож байлаа. Ингээд гэрийнхээ ойролцоо байдаг фитнес клубт очсон. Мөнгөө төлчихвөл ядаж л тогтмол очно гэдгээ ойлгосон. Эхэндээ дасгал хөдөлгөөн хийх маш хэцүү байсан. Дасгалжуулагчийн зөвлөснөөр дасгалаа хийж, заримдаа гүйлтийн зам дээр, заримдаа гудамжаар гүйдэг болов.

Эхлээд 3 км, дараа нь 6 км, тэгээд 9 км гүйдэг болсон. Гүйлтийн зам дээр гүйх уйтгартай байдаг болохоор аль болох цэцэрлэгт хүрээлэн, голын эргээр гүйвэл сонирхолтой. Эхний сард 9 кг жин хасаж чадсан. Тэр үед өөхлөлт маань багассан байхыг хараад хичээвэл илүү үр дүнд хүрч чадах юм шиг санагдсан. Хоёр, гурван сарын дараа би жингээ ч хасаж, дасгалаа ч сайн хийдэг болсон. Дасгал миний хувьд зуршил болжээ.

3.Миний хамгийн дуртай зүйл бол хүргэлтийн хоол байж билээ. Гэхдээ би хүргэлтийн хоолноос (түргэн хоол) бүр мөсөн татгалзсан. Ингээд эрүүл бас амттай хоолыг өөрийн гараар хийж идэхээр шийдсэн юм. Та нар миний Инстаграмын сториг үзвэл би хооллолтынхоо тухай их зүйл оруулсан байгаа шүү.

4.Дасгал хөдөлгөөн хийж, хооллох төлөвлөгөө гаргаж өөртөө зорилго тавив. Миний эхний зорилго бол жингээ хоёр оронтой тоо руу оруулах байсан. Миний жин 100 кг-аас 99 кг болох үед бүр сэтгэл хөдлөөд уйлчихсан. Мэдээж тэр үед өөрөөрөө маш их бахархсан. Жин хасагдаж, эрүүл мэнд маань улам дээрдэж байгаа нь мэдрэгдэж байлаа.

Сарын тэмдгийн өвдөлт, толгой өвдөлт байхгүй болж цусан дахь сахарын хэмжээ маань хэвийн болов. Бие махбод маань сайжирч байгаа тул сэтгэцийн эрүүл мэнд дагаад сайжирсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж юу байдгийг ойлгож, сэтгэл санаа маань хавьгүй дээр болсон.

5.Жижигхэн зуршлаас л өөрчлөлт эхэлдэг. Би аяга тавгаа овоолж овоолж байгаад бөөнд нь угаадаг байсан бол одоо цаг тухайд нь цэвэрлэдэг болсон. Ойрхон газар явахдаа машин унадаг байсан бол одоо зүгээр л алхдаг болсон. Дасгалыг л зуршил болгох бус өдөр тутмын жижигхэн зүйлүүдээ ч зөв зуршил болгохыг хичээх болов. Бага багаар зуршлаа өөрчлөхөд амьдралын хэв маяг дагаад өөрчлөгддөг. Би одоо жингээ хасахаас гадна амьдралын хэв маягаа эрүүл болгох зорилго тавьсан.

6.Төгсгөлд нь та бүхэнд хэлэхийг хүссэн нэг зүйл байна! Жин хасна гэдэг хоолны дэглэмийн чухал хэсэг гэдгийг мэднэ. Гэхдээ жин хасахад эрүүл мэнд хамгийн чухал нь шүү. Шаардлагатай шим тэжээлээ авахгүйгээр жин хасаж болохгүй. Жингээ хасахын тулд хэцүү дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмээс эхлэх хэрэггүй. Харин эрүүл амьдралын хэв маягтай болно гэж бодоод зуршлаа алхам алхмаар өөрчил. Энэ чинь л танд жингээ хасахад тусална.

Эцэст нь:

  • Турна гэдэг зөвхөн хоолны дэглэмээс шалтгаалахгүй.
  • ​ Дасгал хөдөлгөөн гэдэг сонголтоор хийдэг зүйл биш. Үүнийг заавал хий.
  • ​ Бие махбод гэнэт биш бага багаар өөрчлөгддөг.
  • ​ Дасгал хөдөлгөөн хийх цорын ганц арга зам бол фитнес биш. Удаан хугацаанд хийж чадах зүйлээ ол.
  • ​ Өлслөө гээд турдаггүй. Хэрвээ турж байгаа юм шиг санагдвал булчин болон биеийн шингэнээ алдаж байна гэсэн үг. Битгий өлс.
  • ​ Өдөр бүр жингээ үзэхийн оронд биеийнхээ зургийг дарж баримтжуул.
  • ​ Өөртөө хатуу ханд. Хоол идсэнийхээ дараа харамсаж суухын оронд анхнаасаа идэхгүй бай.
  • ​ Завгүй гэж дасгалаа хойшлуулж болохгүй. Та зав гаргах ёстой.
  • ​ Эрүүл хооллолтын хүснэгт зохио. Мэдэхгүй байвал YouTube үзэж учир мэдэх хүмүүсийн зөвлөгөөг сонс.

Тэрээр хоол хүнсэндээ уураг, ногоон өнгийн хүнсний ногоог түлхүү хэрэглэж, элсэн чихэр болон цардуулын хэрэглээгээ багасгасан байна. Түүний хоолны цэсэд ихэвчлэн өндөг, тахианы цээж мах, мөөг, сонгино, навчит ногоонууд багтдаг аж. Мөн авокадо, самар зэргийг ч нэмэлтээр хэрэглэдэг гэнэ.

Сүбин өдөрт хоёр удаа хооллодог бөгөөд өглөө босоод заавал өглөөний цай ууж байхыг сануулжээ. Түүнчлэн 17:00 цагийн үед оройн хоолоо идсэнээс хойш хоол идэхгүй байх ёстой гэв. Ийм хооллолтын хэв маягийг зуршил болгоход эхэн үедээ маш хэцүү санагддаг боловч бие махбод нь аажмаар дассан аж.

Мөн Сүбин өдөрт хамгийн багадаа хоёр литр ус уудаг ба энэ нь өөх шатаах, хоол боловсруулахад туслах төдийгүй биеийг хоргүйжүүлэх ач тустай хэмээжээ.

Тэрээр өдөр бүр фитнест очиж дасгал хөдөлгөөн хийдэг бөгөөд эхэн үедээ хувийн дасгалжуулагч авсан байна. Харин дасгалаа сайн мэддэг болсныхоо дараа дасгалын төхөөрөмж авч, гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгалуудаа гэртээ хийдэг болжээ. Мөн оройн цагаар гүйж, аэробик хийдэг болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button