Үсээ солонгос одууд шиг ороож сурцгаая

Охид бүсгүйчүүддээ зориулан шулуун үсний индүүгээр буржийлгах аргыг шатлан орууллаа. Эхлээд зөв индүүгээ сонгох ёстой: Үс буржийлгахад тохиромжтой нимгэн, 1 инч орчим өргөнтэй индүү байх хэрэгтэй.

Үсэндээ хамгаалагч спрей цац.

Хамгаалагч спрей нь үс болон индүүний хооронд давхарга үүсгэж өгдөг учраас таны үсийг индүүнд түлэгдэж, гэмтэхээс сэргийлэх болно. Тиймээс ялангуяа үсээ байнга индүүддэг, ороодог бүсгүйчүүдэд зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Дараа нь үсээ сайтар самна.

Үсээ буржийлгахын тулд таны үс ямар ч даахьгүй байх хэрэгтэй. Одоо харин үсээ хуваацгаая. Үснийхээ 2/3-ыг нь гараараа таслан авч дээш шуугаад хавчаараар тогтоо. Дараа нь үснийхээ үлдсэн хэсгийг дахин нэг удаа самнаж байгаад шилэн хүзүүнээс нь эхлэн 1 инч орчмоор (үснийхээ индүүний өргөнтэй тэнцэхүйц хэмжээний)* үсийг таслан аваад бусдыг нь дахин өөр хавчаараар дээш нь тогтооно уу. Тэгмэгц танд эхний удаад буржийлгах нарийхан үс л үлдэх болно.
*Үснийхээ индүүний өргөнтэй тэнцүү хэмжээний өргөнтэй үсийг таслан авснаар төгс гогцоорсон буржгар үүсэх болно.

Одоо буржийлгая

Зөвхөн долгион оруулахад

Та үсээ тэр чигт нь буржийлгалгүй, зөвхөн доод хэсгээр нь долгио оруулахыг хүсч байгаа тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Өнөөх үлдсэн үснийхээ уртын тал хавьцаанаас индүүгээрээ хавчаад, өөр лүүгээ хагас эргүүлнэ. Ингэсэн үед таны үс, индүү хоёрын хооронд U үсэгний хэлбэр үүссэн байх учиртай. Индүүгээ тэгж барьсан чигт нь аажмаар үзүүр хүртэл нь доошлуул. Хурдан доошлуулвал таны үсэнд долгио тийм ч сайн орохгүй.

Буржийлгахад

Харин та үсээ тэр чигт нь буржийлгахыг хүсвэл хуйхандаа тун ойрхоноос индүүгээрээ хавчиж эхлэх хэрэгтэй. (Гэвч түлэхүйц хэмжээний ойрхон байлгаж болохгүй) Индүүгээ үсийг нь хавчсан чигт нь бүтэн эргүүлээд, аажмаар доошлуулна.

Дараагийн хэсэг үсийг буулга. Эхний нарийхан хэсгийг буржийлгасныхаа дараа дээш хавчсан үсээ буулгаж байгаад дахин тиймэрхүү хэмжээтэй үсийг үлдээн дээрх аргыг давтан хийнэ. Бүх үсээ буржийлгаж дууссаныхаа дараа хэвийг нь алдагдуулахгүйн тулд үсний лак цацна.

Типүүд

Та үсээ илүү ойр ойрхон зайтай буржгар болгохыг хүсвэл индүүгээрээ буржийлгачихаад гараараа бага зэрэг дээш нь өргөх маягаар 3 секунд орчим барих хэрэгтэй.

Индүүгээр буржийлгах гэж байгаа тохиолдолд үсээ өмнөхөн нь үл ялиг чийгтэй байлгахад зүгээр.

Буржийлгах гэж байгаа үс маш цэвэрхэн байх ёстойг дахин санагтун. Хэрэв та байнга сэнс, индүү зэрэг халуун бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бол механик гэмтэлээс хамгаалах тэжээл өгөх шампунийг хэрэглэх нь зүйтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button