Гоо сайхны хагалгаанд орсон гэдгээ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН к-поп алдартнууд

Өмнөд Солонгосын алдартнуудын хувьд гоо сайхны мэс засалд орох нь түгээмэл үзэгдэл. Гэхдээ тэдний ихэнх нь энэ талаараа нээлттэй ярьдаггүй билээ.

Харин бид гоо сайхны мэс засалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа чөлөөтэй ярьдаг зургаан дуучныг энэхүү нийтлэлээрээ танилцуулах гэж байна. Уг зоримог үйлдэл нь тэднийг бүр ч “cool” болгожээ.

1. Minzy

Түүний харьяалагддаг байсан YG энтэртайнмент нь уран бүтээлчдэдээ гоо сайхны мэс засал хийлгэдэггүй гэдгээрээ алдартай ч 2013 онд Minzy-г хагалгаанд орохыг нь зөвшөөрсөн юм.

2. Kim Heechul

2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Super Junior хамтлагийн гишүүн Kim Heechul нь 2006 онд авто ослын улмаас хамраа хугалж байсан юм. Тэр яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан бөгөөд энэ тухай JTBC телевизийн “Ssulzun” нэвтрүүлэгт оролцохдоо “Би тэр үед эмчдээ нэгэнт хагалгаанд орж байгаа юм чинь хамраа өндөрлүүлэхийг хүсэж буйгаа хэлсэн юм л даа. Өмнө нь миний хамар одоогийнхоосоо нэлээн намхан байсан болохоор хамраа өндөр болгохыг хүссэн. Гэхдээ эмч маань өндөр, намыг нь яг тааруулаад хийж өгсөн” хэмээжээ.

3. Chae Yeon

2016 онд MBC телевизийн “Video Star” нэвтрүүлгийн үеэр хөтлөгч түүнээс давхраа хийлгэж байсан эсэхийг нь асуухад “Үгүй ээ, дунд сургуульд байхад гэнэт л давхраа орчихсон. Гэхдээ би хамраа янзлуулсан” хэмээн хариулсан юм. Гэвч тухайн үед хүмүүс түүнийг давхраа хийлгээгүй гэж худал хэлсэн хэмээн шүүмжилж байжээ.

4. Jessi

К-поп ертөнцөд ердөө 15 настайдаа хөл тавьж байсан түүний амжилтад хүрэх зам дардан байгаагүй юм. АНУ-аас дуучин болох мөрөөдлөө даган Өмнөд Солонгост ирэхдээ тэрээр нэг ч солонгос үг мэддэггүй байсан төдийгүй 2009 онд хөгжмийн замналаа орхихоор шийдэж байсан удаатай. Гэвч тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн 2014 онд дахин дэбютээ хийсэн. Ийнхүү эргэн ирэхдээ тэрээр гоо сайхны хэд хэдэн хагалгаанд орсон байв.

5. Joo E

Momoland хамтлагийн гишүүн Joo E нь 2018 онд JTBC телевизийн “Knowing Brothers” нэвтрүүлгийн үеэр гоо сайхны хагалгаанд орсон түүхээсээ хуваалцсан юм. Тэрээр “Би стрессээ тайлахын тулд чихээ цоолдог зуршилтай байсан. Баруун чихээ тав, зүүнээ найман удаа цоолуулж байсан түүхтэй. Гэвч нэг л мэдэхэд миний чихэнд бараг мөгөөрс үлдээгүй байсан. Тэгээд л би хамрандаа хагалгаа хийлгэхдээ хэсгээс нь аваад чихнийхээ дутуу хэсэгт нөхөлт хийлгэсэн” хэмээн хөгжилтэйгөөр ярьж байжээ.

6. Kwang Hee

ZE:A хамтлагийн гишүүн байсан тэрээр одоо чадварлаг хөтлөгч болжээ. Мөн гоо сайхны мэс засалд орсон тухайгаа нээлттэй ярьдаг нь түүнийг илүү алдартай болгосон юм. Түүний хувьд хамар болон эрүүний хэсэгтээ хагалгаа хийлгэсэн.

Эх сурвалж: Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button