Солонгос хэлийг бие даан сурахын тулд хийх алхмууд

Бид энэ удаагийн нийтлэлээрээ солонгос хэл сурахаар шийдсэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залууст зориулан уг хэлийг бие даан сурах алхмуудыг хүргэж байна. 

1. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Ямарваа нэг зүйлийг яг юуны төлөө сурч байгаагаа тодорхойлоогүй цагт суралцах явц тань тийм ч үр дүнтэй байхгүй болов уу. Тиймээс өөрөөсөө солонгос хэлийг яагаад сурч байгаа, сурснаараа өөрт тань ямар бодитой үр дүн үзүүлэх талаар асуугаарай. Мөн тодорхойлсон зорилгоо мартахгүй байх нь ч чухал учраас үүнийгээ цаасан дээр бичээд өөрийнхөө хамгийн их цаг өнгөрөөдөг газарт нааж ч болох юм.

2. ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ ДУРЛАХ

Бид дуртай зүйлээ хийдээ цаанаасаа л эрч хүчтэй, сэргэг хийдэг шиг солонгос хэлэнд ч ингэж “дурла”. Бэлдэх гээд бүхий л орчин, нөхцөлөө бүрдүүлчихсэн ч залхуу тань хүрээд хойшлуулах гээд байгаа бол хоббитойгоо холбож бэлдээрэй. 

3. ҮСГЭЭ СУРАХ

“Солонгос хэл” хэмээх гар утасны апликэйшнд нийт 20 дүрмийн хичээл байршсан байдаг. Уг апликэйшн танд эгшиг, үгийн бүтэц, хос эгшиг, гийгүүлэгч, дэвсгэр үсэг зэрэг анхан шатны мэдлэгийг цогцоор нь хүргэх болно. 

4. ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮГС ЦЭЭЖЛЭХ

Үсгээ сурсан учир өдөр тутамд хэрэглэгддэг өргөн хэрэглээний үгс цээжилье. Ингэхдээ өдөр бүр тодорхой тооны үгс бэлдээд утгыг нь харчхаад, дараагийн өдөр цоо шинэ үгсийг утгатай нь хараад явна гэвэл бүтэхгүй шүү. Өчигдөр нь сурсан үгсийг өнөөдөр нь давтдаг, ашигладаг байх нь чухал. Тиймээс шинэ үг сурах дадлыг зуршил болгохоос өөр аргагүй аж. 

5. ДҮРМЭЭ ЦЭЭЖЛЭХ

Солонгос хэл нь өгүүлбэрийн бүтцийн хувьд монгол хэлтэй төстэй байдаг. Бид бүгд чөлөөт цагаараа солонгос олон ангит кино үзэж, кпоп дуу сонсдог шүү дээ. Одоо харин тэр бүгдийгээ ашиглах ээлж. Кино хий дэмий үзэж суухын оронд нэг ч болов өгүүлбэрийг дүрэмтэй нь хамт цээжлэх нь чухал.

6. НОМ, СУРАХ БИЧИГ АШИГЛАХ

Математикийн хичээл дээр цифрээ үзчихээд нэмж хасах үйлдэл хийж сурдаг. Яг үүнтэй адил дасгал ажиллаарай. Солонгос хэлний сурах бичиг төрөл бүрээрээ байх ч цар тахлын энэ үед гадуур ном хайгаад явах хэцүү шүү дээ. Тиймээс ЭНД дарж “Монгол хүнд зориулсан солонгос хэлний сурах бичиг”-ийг татаж аваарай.

7. ОРЧУУЛГА ХИЙХ

Сонсдог дуучин, дэмждэг жүжигчин маань ямар нэгэн тоглолтын үеэр, богино хэмжээний шууд бичлэг хийх үеэр хэлсэн үгийг нь ойлгохгүй байх тохиолдол цөөнгүй. Тиймээс тэр бүгдийг ойлгодог болох хүртлээ орчуулга хийгээрэй. Гэхдээ орчуулга хийнэ гээд заавал улс төрийн мэдээ, кино гэх зэрэг том зүйлсээс эхлэх шаардлагагүй. Өөрийнхөө хэмжээнд сонсох дуртай дууныхаа үгийг, Инстаграм дээр дагадаг солонгос алдартнуудын зургийн тайлбар зэргийг орчуулсан ч болно шүү дээ.

8. ШАЛГАЛТ ӨГӨХ

Энэ хүртэл бэлдсээр ирсэн бол та солонгос хэлийг тодорхой хэмжээнд гадарладаг, бүр ойлгодог ч болсон байх. Тэгвэл одоо өөрийгөө сорьж шалгалт өгөх хэрэгтэй шүү. Англи хэлний түвшин тогтоох IELTS, TOEFL зэрэг албан ёсны шалгалтууд байдаг шиг солонгос хэлний түвшин тогтоох TOPIK хэмээх шалгалт бий.

Source: Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button