CL үү? Владимир Путин үү?

Өнгөрсөн жил Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын санал асуулгад хоёрдугаар байранд бичигдэж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг гүйцэх шахсан Ли Че Рин буюу CL бие даасан хөгжмийн карьераа амжилттай эхлүүлж, зөвхөн K-pop ертөнцөд ч биш, АНУ-д нэрд гараад байгаа юм.

Гэхдээ CL зөвхөн хөгжмийн салбараас гадна загварын ертөнцийг шуугиулж эхэллээ. Алдарт дизайнер Александр Ванг болон Жереми Скотт нарын урлагийн тэнгэр болж, Method Man-ыг өөрийн “Lifted” дууны клипэнд бүжиглүүлсэн гээд CL олон улсын супер од аль хэдийнэ болоод эхэлжээ.

Сөүл хотод 1991 онд физикийн профессорын гэр бүлд төрсөн тэрээр хүүхэд насаа Парис болон Токио хотуудад өнгөрөөжээ. Тэрээр хамгийн анх 15 настайдаа Өмнөд Солонгосын YG Entertainment дуу бичлэгийн компанид өөрийн демо бичлэгүүдийг хэд, хэдэн удаа явуулсан боловч ямар ч хариу ирээгүй тул тус студийн захирал Ян Хён Сокт бичлэгээ сонсуулахаар YG Entertainment-ын барилга руу өөрийн биеэр очсон байна.

Ингээд CL хэдэн сарын турш YG Entertainment-д дадлага хийж байгаад 2007 онд Big Bang хамтлагтай хамтарч “Hot Issue” дууг бичүүлжээ. Харин 2008 онд Ян Хён Сок шинэ охидын хамтлаг байгуулах гэж буйгаа зарлаж, албан ёсоор 2NE1 хамтлаг 2009 онд байгуулагдсан юм. Ази даяар алдартай байсан 2NE1 хамтлагийн ахлагч CL-ийг Destiny’s Child хамтлагт Бейонсе ямар үүрэгтэй байсантай харьцуулж болно.

CL-ийн хөгжмөөс гадуур бас нэг сонирхол нь загвар юм. Тэрээр бүр 2012 онд adidas Originals брэндийн сурталчилгаанд зориулж дуу зохиож, Maybelline косметикийн маркийн нүүр царай болж, Өмнөд Солонгосын Project Runway нэвтрүүлгийн шүүгч хийж ч үзжээ. Мөн түүний шийдэмгий, өвөрмөц хувцаслалтыг барууны ихэнх сэтгүүлүүд онцолж, дизайнерууд түүнд “Хайр зарлаж”, “Загварын шүтээн” ч гэж нэрлэж байна.

Хэрэв ихэнх K-pop эмэгтэй дуучид уянгалаг хоолой, өхөөрдөм төрх бүрдүүлэхийг хичээдэг бол CL яг үүний эсрэг, өөрийн гэсэн эршүүд стиль, бага зэрэг сөөнгө хоолойгоороо асар олон шүтэн бишрэгчтэй болж чадсан.

Тэрээр 2013 оноос эхлэн “Baddest Female”, “Hello Bitches” зэрэг хэд, хэдэн соло хит дуу гаргаж, 2014 онд Skrillex, Diplo, G-Dragon нартай “Dirty Vibe” гэдэг сингл бичүүлж, will.i.am.-тай “Superdope” гэх дуу гаргасан гээд маш хурдан олон улсын хөгжмийн зах зээлд нэвтэрч эхэлсэн юм. Тэгвэл 2014 оны сүүлээс эхлээд CL Америкийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулахаар Жастин Бибер, Ариана Гранде нарын менежер Скутер Браунтай хамтарч ажиллаж эхэлсэн байна.

Одоо Time, Vogue, Billboard, CNN зэрэг томоохон сэтгүүл болон мэдээллийн хэрэгслүүд CL-ийг Америк дахь K-pop хөгжмийн ирээдүй гэж онцолж, алхам бүрийг нь анхааралтай ажиглаж байгаа.

CL 2016 оны аравдугаар сарын сүүлээр Хойд Америк дахь “Hello Bi@ches” аялан тоглолтоо Нью-Йорк хотоос эхлүүлсэн бөгөөд тун удахгүй түүний бие даасан анхны цомог гарах болно. Тиймээс CL-ийн хувьд Ази болон Америкт гаргаад байгаа энэ бүх амжилт нь зөвхөн эхлэл бололтой.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button